Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авлаа.
Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв.
Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна.
Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм.
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
“Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд:
Улс төрийн харилцаа
Батлан хамгаалах,
Эдийн засаг,
Хөгжлийн бодлого,
Боловсрол, соёл,
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх,
Хүмүүнлэг, олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.

















































