Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мон жүүс” ХХК-д ажиллалаа.
2003 онд байгуулагдсан тус компани ундаа, жүүсний анхдагч үйлдвэрлэгчдийн нэг юм. Олон төрлийн амин дэмт жүүс, цай, эрдэст, электролит ус, үзэмний жүүс зэргийг үйлдвэрлэж байна.
2022-2026 онд бүтээгдэхүүний борлуулалт 6.2 сая ширхэгээр өссөн бөгөөд энэ нь жилд дунджаар 17 хувиар өссөн гэсэн үг юм. Өнгөрсөн жил гэхэд л үйлдвэрлэлийн хэмжээ 10 мянган тн болж, 2022 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдэн, бүтээгдэхүүний нэр төрөл 40 гаруйд хүрч, 100 гаруй ажилтантай болжээ.
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 15 тэрбум төгрөгийн зээл авч, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэн, үйлдвэрээ өргөтгөөд байна.
Сүүлийн гурван жилд дотоодын зах зээлд 37 сая гаруй ширхэг бүтээгдэхүүн нийлүүлж, 5.5 тэрбум төгрөгийн татвар, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай компанийн удирдлага танилцуулав.
Компани 100 хувь нарны эрчим хүчээр ажиллах, 6,000 м2 талбайтай шингэн хүнсний агуулахаа ашиглалтад оруулжээ. Мөн жилд 27 сая гаруй хуванцар савны бэлдэц, 35 сая ширхэг бөглөө үйлдвэрлэх сав, баглаа, боодлын үйлдвэртэй болсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, татвараа төлж, олон арван ажлын байр бий болгож байгаа компанийн хамт олонд талархал илэрхийлэв.
“Мон жүүс” ХХК цаашид импортыг орлож экспортыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд баттай байр суурь эзлэх, инновац, чанар, тогтвортой хөгжлөөр манлайлах, байгальд ээлтэй үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ажилчдынхаа мэдлэг, ур чадвар, ажиллах орчин, амьдралын чанарыг сайжруулахад анхаарч байна.

















































