Их Британийн ханхүү Харри Украинд хийсэн дөрөв дэх айлчлалынхаа үеэрээ The Daily Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа “шаардлагатай бол Оросын эсрэг дайнд оролцохын тулд дахин цэргийн алба хаахад бэлэн” гэж хэлжээ.
Тэрээр айлчлалынхаа үеэр өөрийн санаачлан байгуулсан, шархадсан дайчдыг урам зоригжуулах зорилготой паралимпын хэв маягийн спортын тэмцээн болох 2027 оны Invictus Games-д оролцохоор бэлтгэж буй тамирчидтай уулзсан байна. Ирэх жилийн тэмцээн Английн Бирмингем хотод болно. Ханхүү Харри хааны гэр бүлийн албан үүрэг гүйцэтгэдэг гишүүн биш учир Украинд энгийн иргэний хувиар айлчилжээ.
ОХУ Европын нийгэмд хагарал үүсгэхийг оролдож буй энэ үед Их Британи болон холбоотнууд нь Украины дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлж, Оросыг ялахад нь туслах цаг болсон гэж Харри үзэж байгаагаа хэлжээ.
“Энэ аюул сүүлийн 15 жилийн турш тасралтгүй үргэлжилж байна гэж би бодож байна. Бидний эсрэг нисгэгчгүй онгоц, сум, пуужин нисэж ирэхгүй байна гэдэг нь бид дайны байдалд ороогүй гэсэн үг биш. Бид сүүлийн арван жилийн турш дайны байдалд байсан гэж би боддог” хэмээн Харри хэлжээ. Цэргийн алба хааж байхдаа Афганистанд хоёр удаа үүрэг гүйцэтгэж байсан Харри ахмад дайчид дахин алба хаахад бэлэн байх ёстой гэж үзэж байна.
“Хэрэв шаардлага гарвал би эх орондоо үйлчлэхийн тулд ахмад дайчид болон цэргийн алба хаагч нөхдийнхөө хамт 100 хувь бэлэн байх болно” гэж тэр хэлжээ.
































