Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.19) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 53.1 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан 10 цаг 37 минутад эхэлж, Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдааныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал удирдан явуулсан юм. Төв банкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн саналыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Энэхүү төслийг боловсруулахдаа сүүлийн 15 жилд төрөөс баримталж ирсэн мөнгөний бодлогын үр дүнг үндэслэсэн гэдгийг онцлов. Монголбанкны төлөөллийн танилцуулснаар бол Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах, бусад хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан зэрэг шалтгаантай холбоотой. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрснийг анхааралдаа авч, цаашид төв банканд төсвийн шинжтэй асуудлыг хариуцуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх, төв банкны хараат бус, бие даасан байдлыг бүрэн дүүрэн хангаж, тогтолцоог үндсээр өөрчлөх асуудал тулгамдаж буйг илтгэсэн юм.
Танилцуулгад дурдсанаар, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн. Үүнд төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал, санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн танилцууллаа.
Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай гэв.
Монголбанкны танилцуулгын дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тогтоолын төслийг танилцууллаа.
УИХ-ын даргын 2026 оны 437 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Жаргалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Б.Тулга, Б.Уянга, Б.Чойжилсүрэн, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар ажиллажээ. Ажлын хэсэг 4 удаа хуралдаж, Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн саналтай танилцан, холбогдох тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа, тооцооллыг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч судалсан гэв. Монголбанкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн санал, мэдээлэл, судалгаа, тооцоололд үндэслэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Төрийн мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах, төсвийн шинжтэй арга хэмжээг Монголбанкаас цаашид санхүүжүүлэхгүй байх, төв банкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалах, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж мөнгөний бодлогын нөлөөлллийг сайжруулах, түүнчлэн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн дэд заалтыг төсөлд шинээр нэмж тусгалаа. Тогтоолын төслийн саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье хэмээн Ажлын хэсгийн ахлагч илтгэв.
УИХ-ын тогтоолын төсөлд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай тусгай үнэт цаас гаргаж Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгажээ. Ирэх онд мөнгөний бодлогын чиглэлээр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг ил тод бүртгэлжүүлэн оновчтой зохион байгуулах; Уул уурхайн компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг Монголбанк дахь Засгийн газрын гадаад валютын дансанд шууд төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох ажээ.
Мөн Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, арилжааны дэд бүтцийг холбож, төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлэх; Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг үнэлж, нөөцийн аюулгүй байдлыг хангах, улсын зээлжих зэрэглэлийг баталгаажуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлогын уялдааг хангах нь Засгийн газрын үүрэг гэж үзжээ.
Харин Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд зургаан асуудлыг даалгахаар төлөвлөсний дотор банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулах, цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн нэгдсэн цахим талбарыг хөгжүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал багтсан байна.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Ж.Золжаргал нар асууж, байр сууриа илэрхийллээ. Жил бүр улсын төсвийг батлахаас өмнө мөнгөний бодлогоо тодорхойлж, хэлэлцэх чухал гэдгийг гишүүд онцолж байв.
Гишүүд асууж, хариулт авч гүйцсэний дараа УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Х.Булгантуяа, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, О.Батнайрамдал, Б.Заяабал нар үг хэлсэн. Төв банк реформын шинжтэй зоригтой санал бүхий төслийг боловсруулан оруулж ирсэн гэдгийг гишүүд тэмдэглэж, ажил хэрэг болгох учиртайг онцолж байв.
Хуралдаан даргалагчаас нийгэмд хөндөгдөөд байгаа их хэмжээний мөнгөн шилжүүлгийн асуудал, мөнгө угаалттай холбоотой асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг Ажлын хэсэгт сануулж, УИХ-ын тогтоолын төслийг нэг бүрчлэн уншиж танилцууллаа. (Тогтоолын төслийг унших)
Төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Тогтоолын хавсралтаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг батлах бөгөөд биелэлтэд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих юм.
Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, А.Ундраа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн, О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Уянга, Л.Энх-Амгалан, Б.Заяабал, Г.Очирбат, Ч.Анар, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Ц.Баатархүү, П.Батчимэг, Э.Одбаяр нар хүрэлцэн ирж, идэвхийлэн оролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

















































