Казахстаны нэрт продюсер Б.Алагузовагын санаачилсан "Казахын гоо бүсгүй-2018" олон улсын тэмцээн өчигдөр буюу ням гарагт Казахстан Улсын Алматы хотноо болж өнгөрлөө. Тус тэмцээн Монгол улсаа төлөөлөн оролцсон Х.Жулдыз "Шилдэг даашинз"-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэрээр өнгөрсөн сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан урьдчилсан шалгаруулалтад тэнцэж олон улсын тэмцээнд оролцох эрх авсан юм. 

Х.Жулдыз тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын гоёлын даашинзийг өмсөн оролцсон бөгөөд шүүгчид хувцас биеэ авч яваа байдлаас гадна үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн  харгалзан үзэж ийнхүү шалгаруулжээ. 

Энэ жил анх удаагаа олон улсын чанартай явагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан бөгөөд ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Казахстаны оролцогч Р.Набира 2018 оны "Казахын гоо бүсгүй"-гээр шалгарчээ.

Эх орноо төлөөлөн оролцсон Х.Жулдызын хувьд “Аnemone” хамтлагийн дуучин бөгөөд МҮОНТ-ийн уран бүтээлчид “Хавар” хэмээх олон ангит уран сайхны кино гол дүрд тоглосон билээ.