Брэд Питт ба Леонардо ДиКаприо нар Квентин Тарантиногийн шинэ кинонд тоглоно

Алдарт найруулагч Квентин Тарантино цуврал алуурчин Чарльз Мэнсоны амьдралаас сэдэвлэн "Once Upon a Time in Hollywood" (Холливүүдэд нэгэн удаа) нэртэй кино бүтээж байгаа билээ.

Киноны үйл явдал 1969 онд буюу хиппи соёл ид эрчээ авч байсан үед өрнөх бөгөөд Холливүүдэд өөрсдийн гэсэн байр суурийг олохыг хичээж байгаа хоёр амжилтгүй жүжигчний тухай өгүүлнэ. Леонардо ДиКаприо, Рик Далтон гэх телевизийн шоуны хуучин одын дүрд тоглох бол Брэд Питт, Клифф Бут гэх түүний орлон тоглогчийн дүрийг бүтээхээр болжээ. Өөрөөр хэлбэл тэдний аль нь ч Чарльз Мэнсоны дүрийг бүтээхгүй аж. Харин Рик Далтоны хөрш нь дэлхий дахинд алдартай Шэрон Тейт гэх жүжигчин бүсгүй байх болно.

Түүх сөхөхөд найруулагч Роман Поланскийн эхнэр, жүжигчин Шэрон Тейт 1969 оны наймдугаар сард цуврал алуурчин Чарльз Мэнсон ба түүний хамсаатнуудын гарт амиа алдсан юм. Дашрамд дурдахад Шэрон Тейтийн дүрийг жүжигчин Марго Робби бүтээхээр болсон юм.

Квентин Тарантино шинэ киноныхоо талаар "Би энэ кино зохиол дээр таван жилийн турш ажилласан. Одоо цагт устаж үгүй болсон Холливүүдийн тухай түүхийг өгүүлэх гэж байгаадаа би үнэхээр их баяртай байна. Мөн би ДиКаприо ба Питт нараас бүрдсэн жүжигчдийн багтай ажиллах гэж байгаадаа маш их аз жаргалтай байна" гэж ярилаа.

"Once Upon a Time in Hollywood" кино 2019 оны наймдугаар сарын 9-нд нээлтээ хийх юм байна.