АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны Америк Хөгжим Гадаадад (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол улсад хүрэлцэн ирж тоглолтоо толилуулах гэж байна. Хамтлаг 2018 оны 4-р сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо тоглолтоо хийх ба уг тоглолтыг угтуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онлайнаар ярилцлага өгөх хүсэлтэй байна. Ярилцлагыг 3-р сарын 1-нээс 15-ны хооронд утсаар болон вэб/Скайпаар хийх ба онлайн ярилцлага хийхэд шаардагдах теникийн шийдлийг ЭСЯ хангах боломжтой.
Ярилцлага хийх хүсэлт болон бусад лавлах зүйлсийг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны [email protected] цахим хаягаар, эсвэл 7007-6045, 7007-6249 дугаарын утсаар хандаж лавлана уу.
Тэдний уран бүтээлийг дараах линкээр орж үзэж болно: http://sethglier.com/
Америк Хөгжмийг Гадаадад хөтөлбөрийн тухай:
АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо нь Америкийн дуу хоолойтой хамтран “Америк хөгжмийг гадаадад” (АХГ) хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орны үзэгч олонд хүрч ажиллахыг зорьдог билээ. Энэхүү солилцооны хөтөлбөр нь урлаг уран сайхан, дуу хөгжмөөр дамжуулан АНУ-ын эерэг имижийг дэлхийд сурталчлан таниулж, олон орны хүмүүст Америк уран бүтээлчидтэй шууд харилцах боломж олгодгоороо онцлог юм. АХГ хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломж, хүртээмжээр хангагдаад байдаггүй хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэгч олонд анхаарлаа хандуулдаг. Хамтлаг, чуулгын уран бүтээлчид нь нийтэд зориулсан концерт, тухайн улс орны хөгжимчидтэй хамтарсан тоглолт, лекц, үзүүлэх тоглолт, сургалт болон төрөл бүрийн оюутан сурагч, үзэгч олныг оролцуулсан амьд хөгжмийн зохиомж тоглолтыг (jam session) зохион байгуулдаг. АХГ хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолой ашгийн бус нийгэмлэг үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.