2-р сарын 14-ний өдөр Германд сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдийг улаан туузаар чимэглэж, сүм хийдэд тусгай мөргөл үйлддэг байна. Учир нь Гэгээн Валентин дурлалт хосуудыг биш, харин сэтгэцийн өвчтэй хүмүүсийг энэрэн тэтгэдэг гэж германчууд итгэдэг ажээ.
Японд энэ өдөр хайртдаа амттан бэлэглэхийг чухалчилдаг гэнэ. Зарим хотод Гэгээн Валентинд зориулж Хайрын бүжигт наадам хийдэг. Энэ үед дурлалт хосууд хайр сэтгэлээ баталсан захидал бичиж тэр нь яг жилийн дараа Гэгээн Валентиний өдрөөр эзэндээ очдог байна.
2-р сарын 14-ний өдөр Парис хотын гудамжинд цахилгаан самбаруудыг олноор байршуулдаг бөгөөд үүн дээр хосууд хайрын үгээ бичиж ярилцдаг байна. Халуухан францчууд эл өдөр хайртдаа үнэт эрдэнэс, гоёл чимэглэлээр бэлэг барьдаг уламжлалтай.
Харин Умардын Даничууд Валентиний өдрөөр бие биедээ хатаасан цагаан цэцэг бэлэглэдэг гэнэ.
Италид Валентиний өдрийг Хаврын баяр-Хайрын баяр гэж нэрлэдэг ба хосууд бүхэл өдөржин зугаалж, хайр сэтгэлээ харамгүй дэлгэцгээдэг гэнэ. Олон залуус энэ өдөр сүй тавих ёслолоо хийдэг аж. Мөн хайртдаа хэдийчинээ олон чихэр бэлэглэнэ, хайр сэтгэл нь төдийчинээ тогтвортой байна гэж итгэдэг байна.
Британд нөхөрт гараагүй бүсгүйчүүд 2-р сарын 14-нд нар мандахаас өмнө босоод цонхны дэргэд зогсдог. Энэ өдөр тэдний анх харсан эр хүн заяаны хань нь болдог гэсэн домог байдаг ажээ. Орчин үед энэ заншил хөгжилдөх шалтаг л болж үлдсэн ч олон залуусын сэтгэлийг сэргээсэн зугаалга болон хувирдаг гэнэ.
Англичууд энэ өдөр зүрхэн хэлбэрт чихэр, зөөлөн тоглоом /ялангуяа Теди/, уламжлалт ил захидал бэлэглэцгээдэг.
Энэ өдөр Австрийн олон гэр бүл, хос залуус Мюнхенаас холгүй орших Крумбах нэрт бяцхан хотыг зорьцгоодог. Учир нь энэ хотод Гэгээн Валентиний дурсгалд зориулан бүтээсэн сүм байдаг аж. Дурлалт хосууд энэ сүмийн лам нарт цэцгийн баглаа барьж баяр талархлаа илэрхийлдэг байна. Энэ өдөр австричууд эмэгтэйчүүдэд гол анхаарлаа хандуулдаг учир нэг ёсны Эмэгтэйчүүдийн баяр болдог гэнэ.
Голландын нөхөрт гараагүй бүсгүйчүүд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг. Учир нь 2-р сарын 14 бол эмэгтэй хүн гэрлэх санал тавьж болдог ганц өдөр нь гэнэ. Хэрэв залуу зөвшөөрвөл бүсгүйдээ гоёмсог торгон алчуур өгдөг уламжлалтай.
Харин Саудын Араб бол Гэгээн Валентиний өдрийг тэмдэглэхийг албан ёсоор хориглосон цорын ганц улс ажээ.
АНУ-д энэ баярыг 1777 оноос эхлэн өргөнөөр тэмдэглэж ирсэн. Америкчууд хайр сэтгэлийн хүчийг илэрхийлсэн улаан, цэвэр ариун байдлыг бэлгэдсэн цагаан өнгийн чихрийн цуглуулгыг хайртай хүндээ өргөн барьдаг. Харин хайрцаг нь голдуу зүрхэн хэлбэртэй байна.