Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хүүхдийн баяр удахгүй тохиох гэж байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах гэж хүүхдийн парк орж, бэлэг авч өгөхөөс гадна тэдэнд зориулсан үзвэр үйлчилгээнүүдийг сонирхдог билээ. 

Ингээд та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан соёл урлагийн байгуулагуудын үзвэр үйлчилгээ, тоглолтын хуваарийг хүргэж байна. 

“Амттаны доктор” хүүхдийн балет /2019.06.01/

Дуурийн театрын хамт олон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Амттаны доктор” хүүхдийн балетыг хүүхэд багачууддаа зориулан тоглох юм байна. Балетын цомнолыг  1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн бичсэн бөгөөд амттанд маш их дуртай жаал хүү эмээгээ үргэлж зовооно. Тэр эмээгээсээ өдөр бүр амттан нэхнэ. Гэнэт нэг удаа хүүгийн шүд айхтар өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж ач хүүгийнхээ шүдийг үзүүлтэл авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх талаар энэхүү жүжгээс үзээрэй. Дашрамд дурдахад түүний зүүдний ертөнцөөр аялсан хүүхэд бүр бэлэгтэй.

Тоглолтынт тасалбарыг TICKET.mn-ээс авах боломжтой бөгөөд бид та бүхэнд  TICKET.mn-ний кассуудын хаяг, цагийн хуваарьыг хүргэж байна. 
1) Ticket.mn оффис: ШУТИС-ын зүүн талд, 23-р байр, 1 давхар (64-р дэлгүүрийн баруун талд). Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart (Сансар), 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00
5)TicketBox 4: Ulaanbaatar Palace Өдөр бүр 10:00-18:00

МААМУУГИЙН ТӨРСӨН ӨДӨР /2019.06.01/

Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами маань удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан 3 насны төрсөн өдрөө бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах White Rock Center-т тавдугаар сарын 26, 31 –нд 11:00, 14:00 цагт, зургадугаар сарын 1-нд 14:00 цагт төрсөн өдрөө хүүхэд багачуултайгаа тэмдэглэнэ. Аами Таамигийн төрсөн өдрөөр дэлгэцийн баатрууд тоглолтоо хийн, Маамуу анимэйшний шинэхэн дугаарыг хүргэнэ. Бас циркийн үзүүлбэрүүд, охидын бүжгийн хамтлаг зэрэг олон сонирхолтой зүйлсийг Маамуу нартаа зориулах юм байна. Тасалбарын үнэ нэг хүүхэд том хүн 15 мянган төгрөг ба Ticket.mn сайтаас захиалж болно. Аами Таамигийн төрсөн өдөрт ирсэн бүх маамуу нүүрэн дээрээ Аами, Таамиг зуруулж, Маамуутай зургийн орчинд зургаа авхуулж, Алиалагчидтай хамт зугаацах юм.

“ИШИГ ХӨӨРХӨН НЭР” ДУУЛАЛТ БҮЖГИЙН ЖҮЖИГ /2019.06.01/

Х.Батаагийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн шагналт Б.Мөнхболд нарын хөгжим "Ишиг хөөрхөн нэр" дуулалт бүжгийн жүжиг тайзнаа “амилах”-аар болжээ. тус жүжиг ирэх зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагт Үндэсний урлагийн их театрт тоглогдоно.
"Корпорейт Хүүхдийн Баяр- 2019" тоглолт /2019.06.01/

Корпорейт Хотел энд Конвеншн Центр 4 дэх жилдээ зохион байгуулж буй "Корпорейт Хүүхдийн Баяр- 2019" арга хэмжээ 2019 оны 06 сарын 01-ны өдрийн 11:00 болон 16:00 цагаас хүүхдүүдийнхээ тав тухыг бодолцон үзэж 2 удаа тоглогдох гэж байна. Ирсэн хүүхэд бүр угталтын ундаа, амттан олон хөгжөөнт тоглоом үлгэрийн баатруудын үзүүлбэр болон хамгийн гоё БЭЛЭГ авах болно. 

БАРДАМ ТУУЛАЙ /2019.06.01/

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд тоглохоор болжээ.

С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийг жүжгийг анх найруулагч Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна.

Хүүхдийн баярын өдөрт зориулан “Бардам туулай” жүжгийг  14:00, 16:00 цагуудаас тоглох аж.