“Дээлтэй Монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой. Уг наадмыг анх 2006 онд Улаанбаатар хотноо Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК-тай хамтран хийж байсан бөгөөд эдүгээ 15 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм. “Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь үндэсний хэмжээний томоохон уралдаан болсон юм.
Цахим бүжгийн уралдааны хамгийн бага нь таван настай оролцогч байсан бол ахмад нь 73 настай өндөр настан байв. Үүнээс тус уралдаан бүх насны хүмүүсийг хамруулж чадсаныг харж болно. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа.
Тэргүүн байрт: Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх “Ирмүүн” хамтлаг,
Дэд байрт: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн уянга борхойн дэг хүүхдийн бүжгийн чуулгын сурагчид,
Гуравдугаар байрт: Улаанбаатар хотын Багануур дүүргийн эгч дүүсийн "Хөгжмийн 7 эгшиг" хамтлаг
Тусгай байрт: “Хан Монгол” морин циркийн Солонгос улсын Жэжү хотоос оролцсон уран бүтээлчид, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас оролцсон М.Маргад нар тус тус шалгарсан юм гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.