“Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин, мисс А.Баярцэцэг арваннэгдүгээр сарын 20-25-нд Италийн Флоренц хотод болсон тус наадмаас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртжээ. Найруулагч Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран “Хөх тавилан” уран сайхны кино бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм.
Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар ажиллаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд зургийг авсан байна. Мөн “Хөх тавилан” кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчид тогложээ.
Мисс А.Баярцэцэгийн хувьд загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглосон билээ.