Монголын циркчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн аравдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд 17 дахь удаагаа амжилттай болж өндөрлөжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцож, өрсөлдсөнөөс Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртсэн байна.

Циркийн уран бүтээлчдийн хувьд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд номерын багшаар Х. Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.

Тэд өмнө нь энэ уран бүтээлээрээ 2019 онд  олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом авчээ. Тус төвийн циркийн жүжигчид энэ тэмцээнийг дуусгаад арваннэгдүгээр сард болон ирэх оны нэгдүгээр сард Франц улсад болох “Grenoble” болон “Massy” олон улсын циркчдийн тэмцээнд оролцох талаар продюсер Н.Эрдэнэ мэдээлжээ.