А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөгийн хадгаламж нээн өгчээ

"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай өнгөрөгч есдүгээр сард зуурдаар бурханы орноо одсон билээ. Түүний гэгээн дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт өчигдөр /2019.10.23/ “UB палас” концертын их танхимд болжээ.

Талийгаачийн дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа 50 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн барьжээ.

Хүндэтгэлийн тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх байсан аж. Учир нь талийгаач Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахдаа, харамсалтайгаар энэ хорвоог орхисон.

“Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тоглолтын орлого болох 50 сая төгрөгийг хоёр хүүхдэд нь хуваан хадгаламжинд хийж, тоглолтын үеэр А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь өгчээ.