ОХУ-ын Саха /Якут/ улсын хамгийн том “Art Doydu” студийн 10 дахь бүтээлийн гол дүрд Монголын залуу уран бүтээлчид тоглож байна. Тэд бол ОХУ-ын Кемерово хотын Урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангийг 2018 онд төгссөн залуу жүжигчин М.Төгөлдөр, Б.Алдархишиг нар юм.
Өнгөрсөн жилээс жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U stage” театраар овоглох болсон чадварлаг залуус Михаил Шолоховын "Дөлгөөн Дон" зохиолоос сэдэвлэсэн жүжгийг эх хэлээр нь тоглож байсан удаатай.
Тэд энэ удаа Саха улсын кино уран бүтээлчидтэй хамтран “Хаар Кынат” хэмээх фантастик төрлийн кинонд монгол хүний дүрд тоглож байгаа гэнэ. Киноны зураг авалтын үеэр тулаантай зураг авалт ч цөөнгүй гарах аж. Зураг авалт 2019 оны зун эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард дуусч, 2021 ондоо багтаж нээлтээ хийх гэнэ. Тус бүтээлд 100 гаруй уран бүтээлч оролцон тоглож байгаа бөгөөд зураг авалтанд зориулж 10 том байгууламж барьсан гэдгийг студийн продюсер Марианна Скрыбыкина хэлсэн байна.
Залуу жүжигчин М.Төгөлдөрийн хувьд “Single ladies-4” киноны арын албанд ажилласан бөгөөд “Дэрний сэтгэл” хүүхдийн жүжиг, “Дурласан” уран сайхны кино, “Дөлгөөн Дон” жүжигт тоглохоос гадна өнгөрсөн аравдугаар сард Москва хотноо болсон “Территория” 13 дахь удаагийн олон улсын урлагийн их наадамд амжилттай оролцож байжээ.
Харин жүжигчин Б.Алдархишигийн ажилласан дүрүүд гэвэл Зина Батян – "Не покидай меня" А.Дударев Женщина – "Рядовые” А.Дударев Линда Лодж, Мисс Уилкинсон – "Кровать, леди и джентльмены" Рей Куни зэрэг орос жүжигт тогложээ.