"Дэндэвийн Пүрэвдорж сан"-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч Монгол найргийн эрдэнийн титэм бүтээлүүдийн нэг домогт "Сэгс цагаан Богд" найраглалын 50 жилийн ойг зохион байгууллаа. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгожээ.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум орон нутгийн удирдлага, иргэд оролцсон байна.

Монголын зохиол бүтээл, шүлэг яруу найрагт үлэмж томоохон байр суурийг эзэлдэг их зохиолчийн эрхэм бүтээл ийнхүү үеийн үед эх орон ард түмнийхээ дунд гэрэлт хөшөө болон мөнхөрлөө. Уг хөшөөнд "Сэгс цагаан богд" найраглалын хэсгээс сийлжээ.