“Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кинонд зориулж ЗГ-ын нөөц сангаас 500 сая төгрөгийг гаргана

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

“Түүх мартахгүй” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа бөгөөд зураг авалт 89 хувьтай явж байгаа ажээ.

Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулж,  мөн ОХУ, БНХАУ, БНЭУ-ын  жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглож байгаа.  

Уг киноны зохиолч, ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байна.