Монгол уран зургийн төрлөөр бүтээлээ туурвидаг зураач Б.Баяр-Одын бүтээлүүд Хаан галлерейд дэлгэгдлээ. Түүний бүтэээлүүд дунд биет дүрсийг илэрхий байдлаар бус, бүхний дотоод мөн чанарыг бодитоор илэрхийлэн бэлгэдлийн утга шингээж дүрсэлсэн байна. Тийм ч утгаараа дүрсэлж буй зүйлийнхээ төрөлх араншинг ажиглан зураасаар илэрхийлжээ. Нүүдэлчин монголчууд аливаад хандах хандлага нь нүдээр харж, гартаа барихаас гадна дотоод мөн чанарыг чухалчлан үздэг сэтгэлгээ зураач Б.Баярт-Одын бүтээлүүдэд нэвт шингэсэн аж.
Өрнөдийн уран зурагтай харьцуулан харахад монгол зураг нь хавтгай орон зайд дүрслэгдсэн, гэрэл сүүдрийн зохицол бага мэт харагдах ч уран нарийн зураас, бийрийн татлага нь гүн утга агуулдаг агаад тэрхүү нарийн зураас хэллэг нь тухайн дүрслэлийн мөн чанарыг илтгэж, гэрэл сүүдэр, орон зайг давхар илэрхийлдгээрээ онцлог юм. Зөвхөн зураасаар дүрслэн буй зүйлээ бүрэн илэрхийлснээр тухайн бүтээл амьд шинжтэй болж, уран бүтээлчийн дотоод сэтгэлгээ, нарийн мэдрэмж шингэсэн нь энэ удаагийн “Монгол” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдэд биеллээ олжээ.
Зураач Б.Баярт-Од нь өнгөрсөн хугацаанд өөрийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ Австри, Герман, Япон, Франц зэрэг олон оронд гаргаж байсан аж.
“Монгол” үзэсгэлэн 2019 оны 10-р сарын 9-21-нийг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэнгийн танхимаар зочилж, өөрийн дотоод мэдрэхүйгээ сэрээгээрэй.