Хөлийнхөө үзүүрээс нүднийхээ ухархай хүртэл битүү шивээстэй, нүдэндээ линзтэй залуус шинэ үеийн хип хоп урлагийн өнгө төрхийг тодорхойлох болсон. Харин тэднээс тэс өөр стиль имиж бүрдүүлж сурагчийн дүрэмт хувцастай дуулж үеийнхэн дундаа “од” болон гялалзаж яваа хүүг BABU гэдэг. Өсвөр насныхан дундаа зөв үлгэр дуурайлал болсон зөөлөн дуунуудыг тэрбээр дуулдаг.
Саяхан өнөөх дүрэмт хувцастай дуучин хүү МҮОНТ-ийн “Нинжа Дайчид” нэвтрүүлэгт оролцлоо. Японы телевизийн брэнд нэвтрүүлэг болох тус нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр цацаж байгаа юм. Тус тэмцээнд 200 гаруй хүчирхэг залуус эр чадал, авхаалж самбаагаараа өрсөлдөж байгаа. Нэвтрүүлгийн үеэр дуучин BABU ярилцлага өгч байхад нь олон нийт түүнийг “Мэхний их дэлгүүр” Кёкшюүзан Д.Батбаярын хүү гэдгийг мэдэж авлаа. Аавынхаа нэрээр олон танигдсан бол асар хурдан хугацаанд амжилт дагуулах байсан биз. Гэвч одоогийн залуус аль болох өөрийнхөө хүч чадал, хөдөлмөрөөрөө олонд танигдаж, амжилтад хүрэхийг илүүд үздэг болжээ. Залуу уран бүтээлчийнхээ цаашдын уран бүтээлд амжилт хүсье.