Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн тус кино өмнө нь ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол одоо “Сандиего интернэшнл фильм фестиваль”-д өрсөлдөж байна.
Монгол морины хийморь, монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлсэн уг киног гурван жилийн хугацаанд бүтээж, хоёр зун дамнан зураг авалтыг хийсэн билээ.
Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг нарын жүжигчид тоглосон ба монголын уран бүтээлчдээс гадна ОХУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээсэн нь илүү их өнгө нэмсэн болохыг үзсэн үзэгчид хэлж байсан билээ.
Өдгөө Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөх эрхээ авсан уран бүтээлчдэд амжилт хүсье.