Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын засвар дуусжээ

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Анх ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1991 онд ашиглалтад орж байсан тус номын санд засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Улаанбаатар хотын Төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар анх 1991 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч удаа засвар, үйлчилгээ хийгдээгүй байсан. Энэ номын сан нь хүйтэн гэрэл муутай гэх зэргээр хүн үйлчлүүлэх боломжгүй болсон байсан. Уг номын санг засварлан шинэчлэж орчин үеийн жишигт хүргэх ажлын зардлыг 2018 оны нийслэлийн төсөвт суулгасан байсан. Өнөөдөр засвар, шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад орж байна. Нийслэлийн Засаг даргын Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийн хүрээнд номын сангуудын уншлагыг дэмжих гэсэн заалт бий. Үүний түрүүч болж энэ номын сан ашиглалтад орж байгаад баяртай байна. Иргэддэдээ хандаж номын сангаараа идэвхитэй үйлчлүүлээрэй гэж хүсье” хэмээв.

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт номын сангуудыг шинэчлэн засварлах, системийг цахим болгох, номын фондыг шинэчлэх, танхимууд шинээр байгуулах гэсэн заалтууд бий. Энэ заалтууд эхнээсээ хэрэгжээд явж байна. 2018 онд гурван номын санг шинэчлэхээр нийслэлийн төсөвт 500 сая төгрөг суулгаад ажилласан. Энэ ажлын эхлэл болгож Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанбаатар хотын Төв номын сангийн салбарыг нээгээд байна” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Уг салбар номын сан нь Өнөр хорооллын 2-р бичил төвд байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр танхимтай, нийт 40 мянга гаруй номын сантай юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.