MNTM нэвтрүүлгийн оролцогчдын дунд  бие биенээ үзэн ядсан зүйл байгаагүй гэв

“Боловсрол суваг” телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Mongolians top model”  нэвтрүүлгийн үеэр шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрөгч аравдугаар сард гарсан билээ.  Тэгвэл энэ талаар өнөөдөр “Боловсрол суваг” телевизийнхэн болон нэвтрүүлгийн шүүгчид мэдээлэл хийж, албан ёсны байр сууриа илэрхийллээ.  

"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа: "Mongolia's Next Top model нэвтрүүлгийг 2016 онд бид албан ёсны эрхтэйгээр авч маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа. “Миний охины хамгийн том мөрөөдөл топ модель болох байсан” гэж хэлсэн учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан.  Финалын шатанд гурван хүн үлдсэн гэдэг мэдээлэл гараад байна. Финалын шатанд гурван хүн үлдээгүй гэдгийг хэлмээр байна. 

Бид ч гэсэн хохирогч. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нэгэн адил цагдаагийн байгууллагын эцсийн дүгнэлтийг хүлээж байгаа" гэлээ. 

Харин “Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн Ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн: Нэвтрүүлгийн дүрмийн дагуу оролцогчид нэг байранд цуг амьдарч, гэрээсээ, найз нөхдөөсөө, интернэт орчноос тусгаарлагддаг. Энэ хугацаанд охидуудын дунд олон асуудлууд гарч ирдэг. Гэхдээ сошиал ертөнцөөр явж байгаа шиг охидууд нэгнээ үзэн ядсан, хурцадмал байдал нэг ч удаа гарч байгаагүй. Ямар нэгэн үл ойлголцол нь нэгнийхээ аминд хүрч, үзэн ядах хэмжээний байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Нэвтрүүлгийн бүх бчилэгийг хууль хяналтын байгууллагад нээлттэйгээр гаргаж өгсөн. 16 охины дунд ямар нэгэн үл ойлголцол байгаагүй. Хэн хэнийгээ үзэн ядсан зүйл байгаагүй” хэмээлээ.

“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора: "Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан.  Гадуур намайг Монголд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл явсан. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөл очиж ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн. Эмгэнэл илэрхийлээгүй зүйл байхгүй. Гадуур буруу ташаа мэдээлэл их явж байна. Шүүгчид оролцогчдоосоо тусдаа байдаг. Гэтэл хүмүүс хамт байсан юм шиг л хэлэх юм. Оролцогчдоо худалддаг, зуучилдаг гэх мэтээр ярьж байгаа нь үнэхээр хэрээс хэтэрлээ. Мөн Одонтунгалаг руу маш их дайрч байна. Одноо маань Чамиа шиг л нэвтрүүлгийн оролцогч. 18 хан настай, талийгаачаас ч жаахан. Гэтэл түүн рүү дайрч, дарамталж байна. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Хичээлдээ явж, гадуур ч гарч чадахгүй байгаа гэсэн. 

Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий.

Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй" хэмээн ярилаа.