Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл даншиг наадам

Даншиг өргөх ёслол буюу наадам нь Монголд шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Энэ тухай нэрт түүхч Ш.Нацагдорж "Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзундамба Хутагтад өргөмжлөх ёслол болоход Халхын долоон хошууны олон бараг бүгдээр түүхэндээ анх удаа хуралдан цугларч их ёслол үйлдсэн нь сонирхолтой юм" хэмээн тэмдэглэжээ.

Ийнхүү Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байсан  Монголчуудын шашин-төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн тул Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болж байв.

Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан байна. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байв. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн зохиогддог байсан бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Энэ жилийн наадмаар өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал, Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.