Цас цэвэрлэж байгаад хүнд бэртэл авч, олон удаагийн хагалгаанд орсон жүжигчин Жереми Реннер ухаан оржээ. "Avengers" киноны Hawkeye дүрээр нь илүүтэй мэдэх жүжигчин Реннер эмнэлэгт хэвтсэнээсээ хойш анх удаа сэлфи зургаа нийтэлсэн байна.
Уг золгүй явдал өнгөрсөн ням гарагийн өглөө Невада муж дахь эдлэн газарт нь болжээ. Тухайн үед чухам юу болсон талаар жүжигчний төлөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч орон нутгийн цагдаагийн газраас "дундаж машинаас гурав дахин хүнд, 6.5 тонн жинтэй цас цэвэрлэдэг машинд Жереми Реннер мөргүүлсэн" тухай мэдээлсэн байна.
Жүжигчин Реннер цээж болон хөлөө гэмтээж, эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгдэн, шууд эрчимт эмчилгээнд орсон аж.
Өчигдөр тэрээр Инстаграмдаа сэлфигээ нийтэлж "Сайхан үгс илгээсэн та бүхэнд баярлалаа. Юм бичих ч чадалгүй бие хүнд байна. Гэхдээ бүгдэд нь хайраа илгээж байна" гэжээ.
Эргэн сануулахад, АНУ болон Канадад болсон цасан шуурга, цаг агаарын таагүй байдлаас болж 60 гаруй хүн амиа алдаад буй.
Эх сурвалж: ВВС