Adidas компани сүүлийн үед олны шүүмжлэлд ихээр өртөх болсон реппэр Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэрийг гаргажээ. Жилд 250 сая еврогоор үнэлэгдэх бизнес түншлэл зогссоноор нэрт реппэр тэрбумтнуудын эгнээнээс хасагдаж байгаа юм.
Нэрээ Ye болгон өөрчилсөн рэппер Канье Уэстийн үзэн ядалт агуулсан үг хэллэг, еврейчүүдийг гадуурхсан үйлдэл нь Аdidas компанийн баримталдаг үнэт зүйлсэд харшилж байгаа учир цаашид хамтран ажиллах боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Эхнэр Ким Кардашианаасаа салсан Канье Уэст саяхан болсон Парисын загварын шоун дээр “White Lives Matter” буюу “Цагаан арьстнуудын амь үнэ цэнэтэй” гэсэн бичигтэй цамц өмссөн нь олны шүүмжлэлд өртсөн. 2020 онд Америкийн цагдаа нарт баривчлагдах үедээ амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор дэлхийн олон оронд арьсны өнгөөр гадуурхахын эсрэг “Black Lives Matter” хөдөлгөөн өрнөж байсан билээ. Уэстийг энэ хөдөлгөөнийг эсэргүүцэж “White Lives Matter” гэсэн бичигтэй цамц өмссөн гэж олон нийт шүүмжилсэн юм.
Үүнийхээ дараа Ye еврейчүүдийг гадуурхсан агуулгатай зүйл твиттертээ бичиж мөн олны бухимдлыг төрүүлсэн.
Хамтын ажиллагаагаа цуцалсантай холбогдуулан Уэстийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас татна гэдгээ Аdidas мэдэгджээ.