“Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд толилуулна

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son film”,Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын хамтын бүтээл, “Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд үзүүлэхээр болжээ. Уг баримтат кино нь Ковид19-ийн хөл хорионы үед хилийн чанадад гацсан иргэдийн цөхрөл, итгэл найдвар, цаашлаад туулсан зам, үзсэн хагацлын бодит үнэнийг өгүүлэх бүтээл юм. 

Киноны гүйцэтгэх продюсороор Б.Ганзориг, найруулагч З.Батбилэг, туслах найруулагч, редактор М.Батцэрэн, Зураглаач Э.Тэмүүжин, Дууны найруулагч Г.Батмөнх гэх мэт залуу уран бүтээлчид ажилласан юм.

Ковид цар тахлаас бид маш олон зүйлийг сурсан,  үүнээс хамгийн чухал нь хүнд хэцүү цаг үе хэзээ ч тохиолдож болно, тэр үед төр засаг, иргэн гэлгүй хэн ч байсан хүнлэг, хүний эрхийг дээдлэгч, бие биенээ хайрладаг байгаасай  хэмээн кино урлаг тэр дундаа баримтат киногоор хөндөн ийнхүү илэрхийлж байгаа аж. 

Zoljargal and Son Film Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын залуус цаашдаа  ч хамтран нийгэмд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн чиглэлээр жил бүр баримтат кино хийж хамтдаа нийгэмд шүгэл үлээхээр зорьж байгаа юм. “Эх орондоо л очихсон” киног 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Тэнгис кино театрт олон нийтэд үзүүлэх юм байна.