“All I want for Christmas is you” дуутай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгожээ

“All I want for Christmas is you”  хит дууныхаа зохиогчийн эрхийн маргаанаар шүүхэд дуудагдаад байсан дуучин Мэрайя Кэрид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. Учир нь шүүхэд гомдол гаргасан каунтри дуучин Энди Стоун нэхэмжлэлээ буцаан авчээ.

Тэрээр Мэрайя Кэриг “All I want  for Christmas is you”  дууг 1994 онд гаргахаас нь таван жилийн өмнө буюу 1989 онд яг ижилхэн нэртэй дууг зохиосон гэжээ. Энди Стоун дууных нь нэрийг хулгайлсан гэж үзэн энэ оны зургаадугаар сард Мэрайя Кэригийн эсрэг гомдол гаргаж, 20 сая ам.доллар нэхэмжилсэн.

Хэдийгээр хоёр дууны нэр нь ижилхэн ч үг, ая нь огт өөр юм. Тэрээр дууных нь нэрийг ашиглах зөвшөөрөл аваагүйд Мэрайя Кэриг буруутгаж байгаа юм.

2017 оны байдлаар 60 сая ам.долларын ашиг олсон “All I want for Christmas is you” дуугаараа Мэрайя Кэри “Зул сарын хатан хаан”-д өргөмжлөгдсөн.  

Түүнчлэн түүний энэ дуу зул сарын бүх цаг үеийн хамгийн хит дуугаар шалгарч, дөнгөж гарсан даруйдаа дэлхийн олон орны хит парадад тэргүүлж байсан юм.