“Тэнгэрийн хөвгүүд”, “Амьдралын хүүрнэл” оны шилдэг бүтээлүүдээр тодорлоо

“Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу “Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 96 уран бүтээлчийн 131 бүтээл ирсэн байна. 2022 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач З.Уянгын “Тэнгэрийн хөвгүүд” торгон бар, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гунгаагийн “Амьдарлын хүүрнэл” зураасан зургийн цуврал бүтээлүүд тодорч, улсын санд худалдан авахаар болсон байна.

“Тэнгэрийн хөвгүүд”

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач З.Уянга

“Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай

Бүрэн улс минь бүү алдартугай” хэмээн Чингисийн билиг сургаальд өгүүлсэнчлэн бидний өнөөгийн энх цагийн төлөө өмнөх үед амиа зольж, сүнсээ өргөсөн баатрууд биднийг үргэлж харж, ивээж, тэтгэж явдаг. Тэд бол мөнх Тэнгэрийн хөвгүүд юм” гэсэн санааг зураачийн өнцгөөс илэрхийлэхийг зорьжээ.

Уг бүтээл нь 2022 оны долоодугаар сард Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд зохион байгуулагдсан “Монголын сайхан орон” үзэсгэлэнгийн график зургийн төрөлд тэргүүн байр эзэлсэн бөгөөд Монгол Улсад хийгдэж буй хамгийн том торгон барын бүтээл юм.

“Амьдарлын хүүрнэл”

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа нь “Амьдарлын хүүрнэл” сэдэвт цувралаа зураасан зургийн орчин үеийн дүрслэх урлагийн чиг хандлага, судалгаа, зохиомж, ур чадвар гүйцэтгэлийн өндөр түвшинд туурвижээ. Энэхүү бүтээл нь Монголын урчуудын эвлэлийн “Оны шилдэг бүтээл-2021” үзэсгэлэнгээс зураасан зургийн төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм.