Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ч.Лодойдамба агсныг гэргийтэй нь мөнхөллөө

Төрийн хошой шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, “Тунгалаг тамир” романы зохиолч Ч. Лодойдамба агсан, гэргий ардын жүжигчин Ч. Долгорсүрэн нарын хөшөөг өнөөдөр /2018.05.14/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо.

Энэхүү хөшөөг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэн “Ээжийн хүү” сангийн тэргүүн н. Насангийн санаачлагаар   500 гаруй хүнээс хандив цуглуулж босгосон байна.

Төрийн хошой шагналт зохиолч Ч. Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойгоор өнгөрсөн онд хөшөөг босгосон боловч дулаан цаг ирэхийг хүлээж байгаад өнөөдөр Үндэсний цэцэрлэг хүрээлэнд байршуулсан нь энэ аж.

Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд нэр зохиолч Ч.Лодойдамбын үр хүүхдүүд,  'Тунгалаг тамир' уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон жүжигчин Ардын жүжигчин Ш.Дэлгэржаргал,  МУГЖ Н.Баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Д.Мэндбаяр нар оролцжээ.