Банк, банк бус санхүүгийн байгууллага зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх нь нэмэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулжээ. Гэмт этгээдүүд урьдчилан судалж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон. Мөн энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгааг тус газраас анхааруулж буй.
Иймд журам, хууль, тогтоомжоор хүлээлгэсэн ажилтны болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг ББСБ-ууд болон бусад зохицуулалттай аж ахуйн нэгжүүдэд Санхүүгийн зохицуулах хорооноос санууллаа. Улмаар аюулгүй байдлаа ханган, хяналтын камерийн бичлэгийг стандартын дагуу чанд хадгалж ажиллахыг үүрэг болгожээ.
Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмыг үндэслэн аюулгүй байдлын нөхцөл хангасан хяналт, хамгаалалтын тоноглол, систем бүрдүүлсэн байхыг шаарддаг байна. Дээрх журамд бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй ажилтны аюулгүй байдлыг хангасан хамгаалалт, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байхаар заажээ.