“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Геологи хайгуулын экспедицийнхэн энэ онд 170-аад сая төгрөгийн хэмнэлт гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Стратегийн ач холбогдолтой болон ашиглалтын лицензтэй талбай дээр гадны компаниудыг тендерээр геологийн ажил гүйцэтгүүлэхээс гадна тус экспедицийнхэн өөрсдөө геохими, геофизикийн зураглал хийж байна. Өрөмдлөгөөс өмнө хийгддэг энэ ажлаар өрмийг хаана, ямар шалгуураар тавих вэ гэдгийг шийддэг юм. Геохимийн ажлууд саяхан дуусч, геофизикийн ажил үргэлжилж байна. Энэхүү зураглалыг өөрсдийн хүчээр хийснээр өртөг зардлыг багагүй хэмнэх юм байна.
Тус хамт олон энэ онд 18 мянган тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар төлөвлөгөөт ажлынхаа 50 хувийг хийгээд байна. Экспедицийн хамт олон намар, өвлийн бэлтгэлээ ч хангажээ. Энэ онд өрөмдлөгийн ажлын байрыг өвөл ажиллах боломжтой болгож, дулаалгатай болгохоор төлөвлөсөн бөгөөд Барилга хяналт, төлөвлөлтийн хэлтэс хариуцан ажиллаж байна.