Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү нээлтэд зориулан үг хэлэхдээ "Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгууллатыг биечлэн бүтээлцсэн эрхэм уурхайчид, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ гүний уурхай нээлтээ хийж, олборлолтоо эхлүүлж буй түүхэн өдрийн мэндийг хүргэе. Хөрөнгө оруулагч тал гүний уурхайг 2023 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн амлалтандаа хүрч чадлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгой төслийн 1265 метрийн гүнд орших 18-р цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн үйлдвэртэй болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд зарлаж байна.
Оюутолгой төсөл бол Монгол Улс гуравдагч хөрштэйгөө анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй түүхэн төсөл. Энэ төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний эрмэлзлэл, монголчуудын эрх ашгийг хамгаалсан УИХ-ын 92 болон 103-р тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ, түр хороо, ажлын хэсгийн ахлагч болон гишүүддээ, Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон алдаатай, оноотой ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр, нийгмийн зүтгэлтнүүд, энэхүү гэрээг засаж сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, хөрөнгө оруулагч та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье" гэлээ.