Би Эрдэнэт үйлдвэртээ 2014 онд аавынхаа оронд удам дагаж БелАЗ машины жолоочийн ажилд орж байлаа. Миний аавыг Зундуйн Бямбадорж гэдэг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Аав маань Эрдэнэт үйлдвэрт 31 жил БелАЗ-ын жолоочоор тасралтгүй ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Аавынхаа оронд орохоос өмнө Эрдэнэт хотын ДЦСын кип автоматикийн цехэд ажиллаж байсан. Аав минь гавьяаны амралтаа авах болж, гэр бүлээрээ “хуралдаж” ярилцаад би удам дагасан уурхайчны халаа болж мэргэжлийг нь өвлөсөн дөө. Миний мэргэжил бол цахилгааны инженер ч аавынхаа залуу нас, олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан ажил үйлсийг нь үргэлжлүүлэхээр БелАЗ-ын жолоочийн мэргэжил давхар эзэмшсэн.
Манайх ам бүл зургуулаа. Би гурван эгчтэй, айлын ганц хүү. Эрдэнэт хотын уугуул. Ер нь багаасаа л төрж өссөн хотдоо ажиллаж амьдрах хүсэлтэй байлаа. Хүн бүхний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болох мөрөөдөл тээсэн оюутан байв. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл минь биелж, улс эх орныхоо нүүр царай болсон том үйлдвэрийн ажилчин болсондоо үргэлж талархаж явдаг. Нөгөө талаар, би их азтай хүн. Эрдэнэт үйлдвэр, ҮЭ-ийн холбооноос хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ”-ний аав ээжийнхээ оронд ажилд орох заалт ёсоор уурхайчдын эгнээнд ажиллаж хөдөлмөрлөх болсноо залуу хүний хувьд их хувь завшаан гэж ойлгодог. Бидний амьдралд ач тусаа өгсөн сайхан боломж юм.
Миний хамт олон бол Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн н.Гантулга даргатай 4 дүгээр ээлжийнхэн. Анх 40 тонны даацтай БелАЗ дээр дагалдуулж сургасан багш маань н.Доржпалам. Дараа нь би 130 тонны даацтай БелАЗ дээр Л.Доржсүрэн багшаа дагалдаж, дадлагажсан. Миний багш нар ажил мэргэжилдээ эзэн, арвин туршлагатай, үргэлж зааж зөвлөхийг эрхэмлэсэн хүмүүс байдаг. Гар сэтгэл нийлж, намайг өдий зэрэгт хүрэхэд тусалж дэмжиж ирсэн хамт олондоо маш их баярлаж байна.
Одоо би эхнэр хүүгийн хамт амьдардаг. Төрөлх үйлдвэртээ он удаан жил амжилт бүтээл дүүрэн ажиллаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд чадах чинээгээрээ хувь нэмрээ зориулна гэж хичээн хөдөлмөрлөж явна.