Т.БАТМӨНХ: Хүний хөгжил хүдрийн үл тасрах урсгалын хурдаас хоцрох ёсгүй

Эрдэнэт үйлдвэрт анх ажилд ороод хүдэр хүлээж авах дамжлага дээр ажиллахын зэрэгцээ талбай шүүрдэж явсан залуу өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер болтлоо өсөж хөгжжээ. Тэрээр энэ үйлдвэрт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө шат бүрийг гишгэж, шалгуур болгоныг давж өгссөн түүхтэй. Т.Батмөнх захирал “Би сургууль төгсөөд ирж байхдаа “нов ногоон амьтан” зам хөндлөн хээв нэг гүйгээд гарчихдаг байлаа. Одоо бол тун болгоомжтой гарна. Учир нь би дугуйны нөхөөс болчихоор тийм хямдхан нөхөр биш. Эрдэнэт үйлдвэр маш их хөрөнгө зарж, намайг жилээс жилд үнэ оруулсан. Тиймээс би одоо үйлдвэрийнхээ юутай ч зүйрлэшгүй  “үнэт эрдэнэ, өмч нь юм” гэж ярьсан. Хүний нөөцийн бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин ийм л ухамсар, сэтгэхүйтэй, үнэ цэнтэй байдаг байх нь. Ингээд бид түүний ажил хөдөлмөр, албан тушаал, хөгжил төлөвшилд хүрсэн “зам жимээр” ярилцсан юм.   

-Та Эрдэнэт үйлдвэрт анх ажилд орохдоо ямар мэргэжилтэй байсан бэ? 

     -Дархан хотын Политехникумыг баяжуулалтын техникч мэргэжлээр дүүргэсэн техникийн дунд боловсролтой хүн тухайн үеийн Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт ирж байлаа. Хамгийн анх Баяжуулах фабрикт хүдэр хүлээн авагчаар ажилласан. Тэр ажлыг хийдэг хүн талбай шүүрдэхээс эхлээд гадна, дотор бүх цэвэрлэгээг хариуцдаг байсан юм. Тиймээс би ажлын гараагаа талбай шүүрдэхээс эхэлсэн гэж ярьдаг юм.

-Тухайн үед та “АБК”-ийн урд талбайг шүүрдэж байгаад үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчид сүрхий загнуулсан гэдэг байхаа. Тэр тухайгаа дурсаач...? 

     -/инээв/ Намайг загнадаг тэр хүн одоогийн миний албыг хашиж байсан орос захирал байлаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер машинтайгаа ирэхэд би талбай шүүрдэж байсан юм. Уг нь дүр эсгээгүй, ажлаа үнэхээр хичээнгүй, чин сэтгэлээсээ сайн хийж байсан юм л даа. Тэгсэн орос дарга “Яасан их шороо бужигнуулдаг нөхөр вэ? Ажил хийж сураагүй юм уу...” гэж билээ. Эхлээд ус цацах ч юм уу, ямар ч байсан тоос босгохгүйгээр л шүүрдэх ёстой байж. Ер нь ажлыг маш их хичээж хийдэг байсантай холбоотой хөгжилтэй түүх юм даа. Аливаа ажлыг хийхэд арга технологи хэрэгтэйг тэгэхэд ойлгосон доо.   

-Талбай шүүрдэж ч чадахгүй явсан залууг Эрдэнэт үйлдвэр Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер болтол хэрхэн бэлтгэсэн бэ? 

    -Манай хүний нөөцийн бодлого системтэй, маш ойлгомжтой, тодорхой, цэгцтэй явж ирсэн. Тийм болохоор би хэн бэ, цаашид хэн болох вэ гэдгийг мэдрүүлдэг, удирдаж залдаг. Одоогийнхоор карьер хөгжлийн менежмент юм даа. Үе шаттай сургалтуудад хамруулахаас гадна ажлын байрууд дээр дадлага давамгайлсан хэлбэрээр бэлтгэдэг байсан. Хугацаатай үүрэг даалгавар өгөөд товлосон цагтаа шалгадаг. Шалгахдаа нэг хүн биш комисс шалгана. Би ихэнх шалгалтыг давдаг, хааяахан бүдрэх үе байсан. Манай үйлдвэрийн анхны монгол Ерөнхий инженер С.Давааням “Хүний биеийн эсэргүүцэл, газардуулгын эсэргүүцэл хоёрын ялгаа ямар байх ёстой вэ?” гэж асуухад нь “уначхаад” хүдэр хүлээж аваад дамжуулахад “ОМ”-ийн хууль ер нь ямар хамаатай юм бэ... гэсэн юм бодон бухимдаж явсан үе бий. Гэхдээ би хамаатай болохыг дараа мэдсэн. Эрсдэлтэй ажлын байруудад хүмүүс тэр том цахилгаан хөдөлгүүрүүдийн газардуулга ямар байх ёстойг мэдэхгүйгээр ажиллуулбал осолдоно шүү дээ. 

-Баяжуулах үйлдвэрийн шалгалтынхан чанга хүмүүс байсан уу? 

     -Үнэхээр мундаг хүмүүс байсан. Эдийн засгийн хэлтсийн дарга биднээс “...Хүдэр боловсруулж байгаа өөрийн өртөг хэд болж байна? Өртөг бууруулахын тулд чамаас юу хамаардаг вэ?” гэж асууна. Хүдэр дамжуулдаг конвейер дээр зогсож байгаа надаас юу л хамаарав гэж дээ... гэж анхандаа боддог байлаа. Гэтэл конвейерыг сул эргүүлэхгүй байх ёстой байсан. Бүтээмжийн алдагдал илүү зардал болдог. Тэр цагаас хойш алхам бүрээ мэдэрч ажиллах болсон доо. 


-Таны “Хүдрийнхээ урсгалтай уралдаж ажиллах ёстой” гэдэг үг эндээс эхтэй байх нь...

    -Тийм шүү. Уулаас хүдэр ирээд конвейераар дамжаад баяжуулалт руу орж баяжигдаад, Хаягдлын аж ахуй руу явах энэ зогсолтгүй урсгалын хурднаас хоцорч болохгүй. Дэлхий тэнхлэгээ эргэдэг шиг үйлдвэрлэл өдөр шөнөгүй тасралтгүй үргэлжилж байдаг. Би тамхи татаад эсвэл аяга цай уугаад зогсчих юм бол хоцорчихно. Ажлын гүйцэтгэл, ур чадвар, мэдлэг боловсрол гээд хүний хөгжил ч энэ үл тасрах урсгалын хурднаас хоцрох ёсгүй юм.    

-Та анхны энэ л мэдрэмжээрээ хичээж урагшилсан уу? 

     -Би мэдлэг, туршлагатай, гадаад, дотоодод сургууль төгссөн инженер техникийн олон ажилтантай том хамт олны дунд орж ажилласан их азтай. Мөн орос ах нараас, журмын нөхдөөсөө, номоос ихийг сурахыг хичээсэн. Өдөр бүхэн нэг шинэ зүйл мэдэж авснаар энэ ажлыг хийх бэлтгэлтэй, чадвартай болсон. Хэл сурч байгаа хүн өдөрт таван үг цээжлээд байхад хэдэн жилийн дараа чөлөөтэй ярьж, сэтгэдэг шүү дээ. Үүнтэй адил, мэдэхгүй юмаа хүнээс ичихгүйгээр асууж, баталгаажуулдаг байсан. Би олж мэдсэнээ дараагийн үедээ өвлүүлэх ёстой. 

-Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч хүртлээ ямар ажлуудыг дамжсан бэ?

     -Ямар ажлыг хийгээгүй вэ? гэж асуувал хариулт товчхон байх болов уу. Албан ёсоор тушаал гарч хийгээгүй ажил бол эдийн засагч. Гэхдээ би хоёр жил баланс бодсон юм шүү. Намайг тэгж бэлдсэн юм. Нарийн мэргэжлийн механик, цахилгаанчин хийгээгүй. Үйлдвэрлэлийн бусад бүх шат дамжлага дээр ажилласан. Технологи дээр намайг 14 жил бэлтгээд бригадын дарга болгосон. Дараа нь туслах мастер, тэгээд ээлжийн мастер, технологич инженерээр ажилласан. Тэгээд ахлах технологич, Нунтаглан баяжуулах хэсгийн даргаар томилсон. 

-Олон залуусыг зэрэг бэлдэх үү?   

     -Хүний нөөцийн бодлого хоёр шугамаар явдаг байсан. Ажилчдыг нийтээр нь хөгжүүлж бэлтгэдэг хөтөлбөр байхад тэдэн дотроос шүүж сонгосон ажилчдаа бэлтгэдэг тусгай программ байна. Жишээ нь, би Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр, техникийн албанд инженерээр ирээд, дараа нь ахлах инженер болж байлаа. Энгийн инженер ахлах болохын тулд маш ихийг сурч, хичээх хэрэгтэй. Учир нь тухайн үед ахлах инженерийн байрыг дандаа орос инженерүүд эзэлчихсэн байсан үе. Тэдний хэмжээнд хүрч байж эгнээнд элсэнэ. Ахлах инженер болоод ажиллаж байхад намайг архивд зургаан сар суулгасан.

-Инженер хүн архивд юу хийх билээ?  

     -Баяжуулах үйлдвэрийн технологийн түүхэн баримт бичгүүд, үйлдвэр ашиглалтад орох үеийн схем зургуудтай танилцаж, өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдсөнийг судалсан. Архиваас өдөр бүр 5, 6 хавтас бичиг баримт аваад өрөөндөө уншиж судалдаг байлаа. Нэг гоё дурсамж байдаг юм. Тэр үед үйлдвэрлэл доголдоод өтгөрүүлэгчүүд ээлж дараалан зогсоод ямар ч нөөцгүй боллоо. Хуучны технологитой байсан үе л дээ. Төв корпусын дарга н.Батаа гавьяат “Батмөнхөө, одоо яах вэ?” гэж байна. Тэгсэн архивын бичиг баримт үзэж байхад материалаа өтгөрүүлэгчгүй шууд селекц руу явуулаад баяжуулах схем 1978 онд үйлдвэр ашиглалтад ороход байсныг харж байснаа гэнэт саналаа. 

-Тэгээд л ажил ундраасан уу? 

     -Өөр аргагүй. Слесарь, гагнуурчин дагуулаад, гуяа хүрсэн урт түрийтэй усны гутал өмсөөд орж явчихсан.  Хэдэн жил ашиглаагүй шугам хоолой ямар байхыг хэлж мэдэхгүй, бүр тайраад хаячихсан ч юм уу, бүү мэд. Зураг дээр харсан схемийг бодсоор яваад очтол байж байна аа. Үзсэн чинь насосноос нь салгаад хаячхаж. Тэгэхээр нь “Үйлдвэрлэлээ зогсоож болохгүй шүү. Цагийн ачааллуудыг нь хасаад хэсэг явуулж бай” гэж хэлчхээд ээлжийн хоёр слесариар насос руу залгууллаа. Гагнуурчнаараа трубагаа цоолуулаад ус тавиад үзтэл явж байна. Тэгэхээр нь буцааж гагнуулаад селекцийг шууд явуулсан. Ингэж нэг үйлдвэрлэл зогсох аюулаас аварч байлаа. Гурав хоног тэр схемээр явж байх хооронд бид нөгөө өтгөрүүлэгчүүдээ угааж цэвэрлээд, засаж янзлаад ажилд оруулсан. 

-Та гавьяа байгуулсныхаа төлөө шагнуулсан уу? 

     -Үгүй ээ. Инженерүүдийн үүрэг шүү дээ. Аргалж чадаагүй бол харин арга хэмжээ авхуулж шийтгүүлнэ үү гэхээс хийснээрээ сүрхий мандан бадрахгүй. Сайн байна, гайгүй инженер болох ирээдүй байна гэсэн үгээр шагнуулсан байж мэдэх юм. /инээв/ Бас ахлах инженер байхад надаар хоёр жил баланс бодуулсан. Эдийн засаг мэдэхгүйгээр, тайлан баланс уншихгүйгээр байгууллага удирдана гэж байхгүй. Тиймээс чи эдийн засаг сурна аа, гэдэг юм. 

-Технологийн баланс бодох амаргүй биз дээ? 

     -Сурсан даа. Эдийн засгийн өртөг, зардал бодно. Өртөг зардлыг яаж бууруулах, үүнд юу нөлөөлөх вэ? гээд л тооцно. Үүний дараа үнэндээ, одоо болсон байлгүй гэж бодож байтал хүний нөөцийн менежмент мэдэхгүйгээр, хүн танихгүйгээр хамт олон удирдана гэж байхгүй ээ, гээд намайг Хүний нөөцийн мэргэжилтэн болгочихдог байгаа. 

-Инженерийг хүний нөөцийн мэргэжилтэн болгоход та дургүй байсан уу? 

     -Дургүйхэн очоод гурван жил болохдоо маш ихийг сурсан. Хүний нөөцийн бодлого, менежмент, төлөвлөлт, бүрдүүлэлт гэж юу байдаг, ямар том хүрээнд энэ байгууллагыг харж сэтгэх учиртайг, хүний нөөцийг чадавхжуулах нь ямар үр нөлөөтэйг, нийгмийн харилцаа, халамж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллах ёстойг сурч мэдсэн. Хамт олны хүсэл сонирхол удирдлагын шийдвэр болж гарвал зөв. Би ээлжийн мастер байхаасаа ажилчдынхаа орон байрны асуудлыг шийдүүлэх гэж, амьдрал ахуйг нь дээшлүүлэх гэж гүйдэг байсан. Тэр үеэс л ямар нэгэн асуудал тулгарахад хэрэв би байсан бол яаж шийдэх байсан бэ гэж боддог байлаа. Үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсэг дээр ажиллаж байгаа уурхайчдын санаа бодол удирдлагын шийдвэрийн гол зангилаа байх ёстой.  

-Сүүлд таныг гадагшаа явуулж сургасан байхаа...? 

     -Эрдэнэт үйлдвэр 2011 онд Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж болсон. Техник, технологийн дэвшил, ямар агуулгатай хүдрээс ямар хэмжээний металл авсан бэ гэдгээр дүгнэдэг шалгаруулалт юм. Бид 0,59 хувийн агуулгатай хүдрээс түүхэндээ хамгийн өндөр буюу 86,5 хувийн металл авч чадсан. Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхэнд ч рекорд тогтоож, дэлхийд долоод, Азидаа нэгд жагсаж байлаа. Би хамт олныхоо дунд хөлд, хэлд орж, хүн болсон. Би Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын бодит үр дүн. Намайг “Чи ганц цехээр өөрийгөө хязгаарлаж болохгүй, хөгжих хэрэгтэй” гээд ОХУ-ын Уралын уулын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Үйлдвэр маань техникийн шинэчлэл, технологийн дэвшил, ноу хау, нарийн судалгаа шинжилгээний ажлууд дээр гаднынхантай хамтарч ажилладаг. Тиймээс дэлхийн хэмжээний үйлдвэрийн ажилтан тэдэнтэй нэг онолоор ойлголцдог, нэг хэлээр ярьдаг байх хэрэгтэй, техникийн хөгжлөөс хүний хөгжил байнга түрүүлж явах учиртай гээд намайг АНУ-ын UC Berkeley - д гурван жил сургасан. Одоо ч бид мэргэжилтнүүдээ Канад, Америкт, ялангуяа хэлний чиглэлээр сургадаг. Манайхан мэргэжлийн хувьд хаана ч гологдохгүй. Тиймээс олон улсын түвшинд гарч харьцах талаас нь сургахыг зорьдог. 

-Мэргэжилтнүүдээ ижил төстэй үйлдвэрүүдэд алдахгүйн тулд ямар бодлого баримталдаг вэ? 

    -Байгууллагын хүний нөөцийн цөм хэсэг гэж бий. Тэд бол бусад байгууллагад алдаж болохгүй жинхэнэ үнэт капитал юм. Тэднийг тогтоон барих, сайн ажиллуулахад чиглэсэн тусгай хөтөлбөрүүд хэрэгждэг. Боловсрол талаас хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх, амьдрал ахуйд нь туслах гэхчлэн Хөдөлмөрийн гэрээ болон нэмэлт гэрээгээр зохицуулагдах ёстой.  

-“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор хүний нөөцийн бодлого өөрчлөгдсөн үү? Цаашид юунд анхаарал хандуулах нь зүйтэй вэ? 

     -Хүний нөөцийн хувьд улс төрөөс хараат бус байх бодлого барьдаг. Үйлдвэрийн газрын төлөвлөлтийг гадаад, дотоод хүчин зүйл, давуу болон сул тал, аюул занал гээд орчны шинжилгээнд үндэслэн хийдэг юм. Одоо PEST шинжилгээний хүрээнд улс төрийн нөлөөллийг нэг хүчин зүйл болгон авч үзэх хэрэгтэй болж байна. Улс төрөөс хамаарсан хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн хийгдэх, олон жил сургаж, хөрөнгө зарж бэлтгэчхээд ажиллуулахгүй өөрчилнө гэдэг нь том хохирол. Өөрөөр хэлбэл мэргэжилтэй ажилтан гэдэг намын гишүүнээс тэс өөр. Тиймээс уурхайчдаа улс төрийн нөлөөлөлд өртүүлэхгүй хамгаалж, хадгалж авч явах ёстой. Энэ бодлогыг ч сүүлийн жилүүдэд маш сайн барьж байгаа. Эцэст нь хэлэхэд үйлдвэрийнхээ үе үеийн шилдэг удирдагчдад, хөдөлмөрийн хамт олондоо намайг өдий зэрэгт хүргэсэнд талархаж явдгаа илэрхийлье.     

-Цаг зав гаргасан танд баярлалаа.