Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Төслийг УИХ арванэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах хуультай бөгөөд ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхлэх аж.
Харин төсвийн төсөлд үйл ажиллагаа явуулж буй 93 их, дээд сургуулийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр чанараар нь эрэмбэлж, топ 10 сургуулийн оюутанд Боловсролын зээлийн сангаас зээл олгохоор тусгажээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Боловсролын салбарт репорм хийх шаардлагатай. Хэзээ нэгэн цагт хийх ёстой. Монгол шиг жижиг орон 100 гаруй их, дээд сургуультай. Төгсөгчдийнх нь мэдлэг чадвар нь эргэлзээтэй. Зээл авч сурч байгаа хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай болох ёстой. Ажилгүй байвал зээлээ төлж чадахгүй. Тиймээс топ сургуулиудын оюутнуудад зээл олгоно. Сургуулиуд хоорондоо өрсөлдөж, топ сургуулийн жагсаалтад багтана” гэлээ.