Ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амрах эсэхийг УОК шийднэ

Ирэх зургадугаар сард хоёр өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал зургадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, зургадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тус тус тохиож буй. 

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг жил болгон нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах болсон юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийг хэлэлцэн энэ онд 15 хоног амрахаар шийдвэрлэсэн. Гэхдээ цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглосон. Үүнтэй холбогдуулан зургадугаар сард бүх нийтээр амрах хоёр өдрийг цуцлах эсэх эсвэл амралтын өдрийг ажлын өдөр рүү шилжүүлэх, эсэх нь тодорхойгүй байна. 

Даваа болон баасан гарагт тохиож буй дээрх амралтын хоёр өдрийг өөрчлөх, эсэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газарт оруулж, эцсийн шийдвэрийг УОК-оос гаргах аж.