5000 хүртэл өрхөд шөнийн дулаан хуримтлуур нийлүүлэхээр төлөвлөжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжжээ.

Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтон дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болсон байна.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтээр нийслэлийн өмчит халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаан хангамжид холбон, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаарын чанарын хяналтын тоног төхөөрөмж авах юм.

Мөн гэр хорооллын 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв /дулаалга, орлогод нийцсэн орон сууц, ногоон барилга, ногоон зээлийн сан, эрчим хүчний хэмнэлттэй халаалт гэх мэт/ байгуулж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх,  эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын хэрэгсэл нэвтрүүлэхийг дэмжих, 5000 хүртэл өрхөд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл нийлүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.