Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэн Ц, 12 настай Д хүүхдээр өөрийн морийг унуулж, хөлслүүлжээ. Энэ үеэр хүүхэд мориноос унаж хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал бүхий хүнд гэмтэл биедээ авсан байна.
Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ц-г:
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан "....уралдаанч хүүхэд нь ....морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд хамруулсан байна”.
Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д засан " тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойн хамгаалалт” зэргээр хангасан байх заалтыг биелүүлээгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг тус тус зөрчиж хурдан морь унуулж түүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцжээ.
Улмаар түүний хурдан морь уях эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв. Мөн хохирогч Д хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгч Ц-р Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх