2023 оны тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд "Трансгейт интернэшнл" компани Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг зохион байгуулжээ. Гэвч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад техникийн газ их хэмжээгээр үнэртсэн тул иргэд бухимдаж, гомдол гаргасан байна.
Иргэдийн гомдол, мэдээллийн дагуу холбогдох алба хаагчид тухайн газарт ажиллаж, туршилтын үйлдвэрлэлийг тавдугаар сарын 28-ны 08:00 цагт зогсоожээ. "Трансгейт интернэшнл" компани нь Уул уурхайн яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах 594 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй аж. Гэсэн ч үйлдвэрлэлийн туршил хийх явцдаа иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэндээ уучлалт хүсэж, дахин алдаа дутагдал гаргахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сайжруулна гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар Замын-Үүд сумын Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор "Трансгейт интернэшнл" компанийн зүгээс " Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр манай компани үйл ажиллагаа явуулж байгаа. Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан. Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул сумын иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусаж үйлдвэрлэлээ зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно" гэх тайлбар хийжээ.