Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Испанийн Рокетас-де-Мар хотод зохион байгуулагдсан өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, Стейниц Монголын шатрын академийн тамирчин Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар дэлхийн аварга боллоо.

7-17 насны ангиллаар зохион байгуулагдсан тус тэмцээнд 82 улсын тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын хоёр тамирчин дэлхийн аварга болж, олон улсын мастер цол хүртсэн нь онцлох амжилт боллоо.

Тодруулбал, 14 настай Б.Буянхишиг дэлхийн аваргын алтан медаль хүртэж, гурван удаагийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь 11 насны ангилалд дэлхийн аварга болж байсан бол энэ удаа 17 хүртэлх насны ангилалд түрүүлжээ. Мөн олон улсын их мастер (WGM) цолны нэг норм биелүүлж, олон улсын мастер цол хүртсэн байна.

Харин 14 настай Б.Энхнамуун өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь Монгол Улсын дэд мастер цолтой байсан бөгөөд энэ удаагийн тэмцээний амжилтаар эмэгтэйчүүдийн FIDE мастер (WFM) цолны шат дамжлагыг алгасан, олон улсын мастер цол хүртэх болзол хангасан байна.