ОХУ-ын Красноярск хотод алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн цомын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд боллоо. 37 дахь удаагийн цомын тэмцээнд 81 орны баг тамирчид оролцсоноос Монголын бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртэж, тус тэмцээний “Шилдэг тамирчин”-аар тодорлоо. Тэрээр хагас шигшээд хагас шигшээд 2025 оны дэлхийн болон Азийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг 11:1-ээр оноогоор цэвэр ялж, шуугиан тарьсан юм.
Б.Мөнх-Эрдэнэ финалын барилданд ОХУ-ын Дагестаны М.Мехтихановыг ялснаар тэмцээний аварга боллоо.
Энэ тэмцээнээс Монголын эмэгтэй баг амжилттай оролцлоо. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Т.Түвшинжаргал аваргын алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Түүнчлэн 76 кг-д Г.Уртанасан, 72 кг-д З.Болортунгалаг, 68 кг-д Э.Одгэрэл, 57 кг-д үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан, 53 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Х.Болортуяа , 65 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Энхжин нар хүрэл медаль хүртжээ.

















































