Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан бондын талаар Сангийн яамнаас мэдээлэл өглөө. "Өрийн дахин санхүүжилтийн ээлжит арга хэмжээгээ өчигдөр амжилттай хэрэгжүүллээ. Жил болгон төсөв батлах үед дахин санхүүжүүлэх дээд хэмжээ буюу таацыг баталж өгдөг. Үүний дагуу дахин санхүүжүүлэлтийн арга хэмжээ авч байгаа. Шинээр босгож байгаа бондын санхүүжилтээр өмнөх бондуудынхаа өр төлбөрийг төлж байгаа гэж ойлгож болно.
Манай улс олон улсын санхүүгийн зах зээлд “Сенчири-5” бондоо амжилттай гаргаж мөс зүсжээ. Тус арга хэмжээний хүрээнд 500.0 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийсэн байна.
Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давлаа.
Энэ хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харуулж байгааг Сангийн яамнаас мэдээллээ.
Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулсан.
Ингэснээр 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байгаа юм.















































