Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, хяналт тавих төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” өнөөдөр хуралдлаа.
Уг хуралдаанаар шатахууны хангамж, үнийн асуудал, тэр дундаа иргэдийн өргөн хэрэглээний АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг тогтвортой байлгах шийдлийг хэлэлцэв.
Зөвлөлийн дарга Б.Дашпүрэв, Монгол Улс ОХУ-аас шатахууныг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээг 2026 оныг дуустал байгуулсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгааг дурдан, энэ нөхцөлд гаалийн татвар тавигдсан ч үнэ тогтвортой байх боломжтойг онцлов.
Түүнчлэн Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд татвар бууруулах асуудлуудыг шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах Зөвлөмж”-ийг гаргахаар тогтов. Үүнд:
АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах;
АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх;
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулах зэрэгт талууд хамтран ажиллах;
Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: АҮЭБЯ

















































