Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Тэрээр "Гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. БНХАУ-ын хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдээд байсан. Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу эцсийн сонгон шалгаруулалтыг явуулж "Beijing Jianlong Heavy Industry Group" ялалт байгууллаа. Гангийн цогцолбор Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт баригдана. 651.2 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчихсан байгаа.
Удахгүй "Beijing Jianlong Heavy Industry Group"-тэй хэлэлцээ хийж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Манай улсын гангийн хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр, цементийн үйлдвэр, цахилгаан станц бүхий цогцолбор баригдана. 800 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор арматурын үнэ хамгийн багадаа 20 хувиар буурна" гэлээ.

















































