Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ тогтмол өсөж мкв-ын үнэ дунджаар таван сая орчим төгрөгт хүрээд байна. Тодруулбал, энэ он гарсаар нийслэлд орон сууцны үнэ өмнөх жилээс 12,6 хувиар, өнгөрсөн сараас 0,7 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сарын байдлаар Сүхбаатар дүүрэг орон сууцны үнэ хамгийн өндөр буюу нэг мкв нь 6 сая 100 орчим мянган төгрөг байна. Энэ он гарсаар шинэ орон сууцны үнэ Баянзүрх дүүрэгт 18 хувиар буюу мкв нь 730 орчим мянган төгрөгөөр өссөн бол Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувиар өсчээ. Тэгвэл хуучин орон сууцны үнэ мөн өссөн хэвээр байна. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.900,000 төгрөгийн үнэтэй байна. Байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.83 сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. 2026 он гарсаар хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан–Уул дүүрэгт 16.5 хувиар буюу нэг метр квадрат талбайн дундаж үнэ 780 орчим мянган төгрөг өсжээ.
2026 оны нэгдүгээр сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.300,000, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.87 сая, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
















































