Өчигдрийн байдлаар (2026.10.19) улсын хэмжээнд АИ-92 бензин 22 мянган тонн буюу 10 хоногийн нөөцтэй, АИ-95 бензин 2,079 тонн буюу 17 хоногийн нөөцтэй, дизель түлш 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.
Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс 38 мянган тонн нь нийлүүлэгдээд байгаа аж.
АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газраас шатахуун олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу зөрчил, дутагдлыг шалгаж, тухай бүр арга хэмжээ авч байна. АМГТГ-ын шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбох ажлыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын 264 ШТС-ын шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй шатахууны төрөл, оочер дарааллын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрджээ. Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор төв зам дагуух зарим ШТС-ын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй, 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авна. АМГТГ-аас шатахууны чанарт хийсэн лабораторийн шинжилгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

















































