М.Нандинцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөөх тулаанаа хийнэ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. Энэ сарын 15-д эхэлсэн тус тэмцээнд 73 орны 333 боксчид өрсөлдөж байгаагаас хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхлэх юм. 

Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөөх тулаанаа хийнэ. Тэрбээр Мароккогийн Захраоюү Зохратай тулалдахаар болсон байна. Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелана Питеса нарыг дараалан ялж, шилдэг наймд үлдсэн юм. Тус жинд 26 боксчин өрсөлдсөн. 

Манай боксын ОУХМ М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.

Дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирдлага дор долоон тамирчин оролцож байгаагаас 51 кг-д Л.Алтанцэцэг, 57 кг-д Т.Болортуул, 75 кг-д М.Мягмаржаргал, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ өндөрлүүлсэн. 

Та бүхэн өнөөдрийн тоглолтуудыг https://www.aiba.org/ сайтаар шууд үзэх боложмтой юм.