АНУ-ын теннисчид Парист өнгөлж байна

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парист болж байгаа билээ. Парисын тэмцээн бусад гурван 'Их дуулга' тэмцээнээс шорон талбайд болдгоороо онцлогтой. Тэгвэл энэ жилийн тэмцээнд АНУ-ын теннисчид онцгой амжилтыг үзүүлж байна. 

Тодруулбал, Тавдугаар сарын 27-ны өдөр эхэлсэн Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх эхний хоёр теннисчин тодорлоо.Харин өчигдөр болсон шөвгийн наймын тоглолтод АНУ-ын Мэдисон Кейс, Степэнс нар өрсөлдөгчөө хожиж, аваргын төлөө өрсөлдөх эрхийг авлаа. 

2017 оны Америкийн нээлттэй тэмцээний финалд үлдэж байсан Кейс тус тэмцээнд 13-т эрэмбэлэгдэн тоглож байгаа. Тэрбээр эхний хоёр тойрогт нутгийн теннисчдээ хожсон. Улмаар Японы Н.Осака,  Румын Бузарнески, орос гаралтай Казахстаны Путинцеваг дараалан хожиж хагас шигшээд үлдлээ.

Тэгвэл өсөх ирээдүйтэй теннисчин Степэнс Нидерланд, Польш, Итали, Эстони, ОХУ-ын теннисчдыг хожиж, шигшээ тоглолтод тоглох эрхийн төлөө шалгаран үлдлээ. Энэ жил 25 настай Степэнс 2017 онд Америкийн нээлттэй тэмцээний финалд Кейсыг хожиж, “Их дуулга”-ын анхны цомоо өргөж байсан юм. Тэд маргааш тоглож, хожсон нь аваргын төлөө өрсөлдөх эрхийг авна.   Өнөө шөнө нөгөө хэсгийн хоёр тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорно.

Францын нээлттэй тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байсан АНУ-ы Серена Уильямс өчигдөр эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэн. Тэгвэл энэ жилийн тэмцээнд мөн л анхаарлын төвд байгаа ОХУ-ын Мария Шарапова өнөөдөр Г.Мугурузтай тоглох бол дэлхийн чансааг тэргүүлж буй Румыны Симона Халеп Германы А.Кербертэй тоглохоор болжээ..