Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг ирэх сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Барилдаан Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлөөр болох бөгөөд Үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр болох аж.
Монгол туургатны бөхийн барилдаан 2008 онд Улаанбаатарт болж байсан бөгөөд ийнхүү 10 жилийн дараа дахин зохион байгуулагдахаар болжээ. Барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж оролцохоор болж, бүртгэлээ өгөөд эхэлсэн байна. Бөхчүүдийн өмсгөл тухайн улсын ёс заншлаас хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, Өвөрмонгол бөхчүүд хуучин уламжлалаараа ширэн зодгоо өмсч, хүзүүндээ олон цацаг зангиатай байх юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс бөхийн холбооны маргаантай асуудлаас болж барилдаан хойшлохгүй гэдгийг хэллээ.