“Улаанбаатар марафон-2018”-нд 30 мянга гаруй тамирчин оролцжээ

Өнгөрсөн амралтын өдөр “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд 27000, 2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцжээ. 

Энэ жилийн тухайд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин оролцож буйгаараа онцлогтой боллоо.