Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. 33 дахь удаагийн тус тэмцээнд манай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд оролцож байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн барилдаан болж, нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тэрбээр Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, Дмитрий Коркиний ОУТ-ий хүрэл медальт, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 2017 онд түрүүлж байв.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 70 кг-д 2017 оны “Mongolia Open” ОУТ-ий дэд аварга, энэ жилийн улсын аварга, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медалийн төлөөх барилдаанд Сирийн Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Эхний өдрийн дүн
57 кг.
1. Меграм Резазаде (Иран).
2. Ун Гван Пак (БНАСАУ).
3. Азамат Тускаев (ОХУ), Сун Гвон Ким (БНСУ).
61 кг.
1. Б.Хаш-Эрдэнэ (Монгол).
2. Дмитрий Аксенов (ОХУ).
3. Мохаммад Намжумотлах (Иран), Елдос Абикенов (Казахстан).
65 кг.
1. Начын Куулар (ОХУ).
2. Сик Сонг (БНСУ).
3. Ильман Мухтаров (Франц), Агагусейн Мустафаев (Азербайжан).
70 кг.
1. Сослан Рамонов (ОХУ).
2. Александр Семисоров (Герман).
3. Б.Бямбадорж (Монгол), Яздан Санаи (Иран).
74 кг.
1. Заурбек Сидаков (ОХУ).
2. Хамед Рашиди (Иран).
3. Байболсун Курманбеков (Казахстан), Жошкун Азимов (Азербайжан).